Солонгосын боловсролын тогтолцоо /1-р хэсэг/
Posted by Victory on 2010/06/28
Солонгосын боловсролын тогтолцоо нь бага сургууль 6 жил, дунд сургууль 3жил, ахлах сургууль 3 жил, дээд сургууль 4 жил 6-3-3-4 гэсэн үндсэн тогтолцоотой бөгөөд энэ хугацаанд сургалтын төлбөр үнэгүй байдаг. Цэцэрлэгээс авахуулаад дээд сургууль хүртэлх бараг ихэнх боловсролын байгууллага 1 жилийг 2 улиралд хувааж сургалтын төлөвлөгөөг боловсруулан үйл ажиллагаагаа явуулдаг. 1-р улирал дуусаад 1 сар орчим зуны, 2-р улирал дуусаад шинэ хичээлийн жил эхэлтэл 2 сар орчим өвлийн амралт үргэлжилнэ.
1. Сургуулийн өмнөх насны боловсрол
Бага сургуульд орохын өмнөх шат болох сургуулийн өмнөх насны боловсрол нь хувь хүний сонголтоос шалтгаалж эхлэх нас нь өөр өөр байдаг боловч ерөнхийдөө ихэнх эцэг эхчүүд хүүхдээ 3 нас өнгөрөхөөр ясли юмуу цэцэрлэгт өгдөг. Яслид ар араасаа дугаарлан зогсох, коршокоо ялгах, хоол идэх, хувцасаа өмсөх, зэрэг өдөр тутмын амьдралд шаардлагатай зүйлийг заадаг. Сургуулийн өмнөх насны хүүхэд хүмүүжүүлэх байгууллага нь улсын болон хувийн гэж хуваагддаг ба сургалтын агуулга болон орчны хувьд төстэй боловч улсынх нь хувийнхыг бодвол төлбөрийн хувьд арай хямд байдаг. Одоогоор газар тариалангийн бүс нутаг буюу бага орлоготой айлын 5 настай хүүхдүүдийн төлбөрийг улсаас төлөн сургаж байгаа бөгөөд цаашид улсын төвшинд үнэгүй сургах хэтийн төлөвлөгөөтэй байгаа. Хүүхдээ ясли юмуу цэцэрлэгт өгөхдөө сонгосон цэцэрлэг яслийн багш ажилтан нартай уулзан зөвлөлдөж хүүхдээ өгч болдог.
2. Бага ангийн боловсрол
Солонгост 6 нас хүрвэл хүүхдээ бага сургуульд явуулах ёстой байдаг. Гэхдээ улсаас тогтоосон насанд нь бага сургуульд өгдөг боловч тухайн хүүхдийн эцэг эх өөрсдөө хүсвэл хүүхдээ 5 юмуу 7 настайд нь бага сургуульд өгөх боломжтой. Хүүхдүүд сургуульд орох жилийнхээ 1 сард сургуульд элсэх эрхийн бичиг аваад 3 сард сургуульдаа ордог. Бага сургуулийн хичээлийн төлөвлөгөө нь 1-6-р анги хүртэл 6 шат дамжин явагддаг бөгөөд онцгой шалтгаан байхгүй тохиолдолд жил болгон анги дэвшдэг. Бага сургууль ч мөн адил улсын болон хувийн гэж хуваагддаг бөгөөд хичээлийн хөтөлбөрийн хувьд адил боловч тусгай сургалт зэргийн хувьд ялгаатай ба хувийн сургууль төлбөртэй байдаг.
3. Дунд сургуулийн боловсрол
Бага сургуулиа төгсвөл дараагийн шатны сургалт болох дунд сургуульд элсэн ордог. Солонгост дунд сургууль төгстөл албадан сургалт байдаг бөгөөд хичээл төлбөргүй, харин ахлах сургуулиас эхлэн төлбөртэй болдог.
(1) Дунд сургууль
Дунд сургуулиас эхлэн анги болгонд хичээлийг дааж авсан багш нар хичээл орох бөгөөд анги даасан багш нь тухайн сурагчийн амьдралын ерөнхий байдал зэргийг хариуцан зөвлөгөө өгч ажилладаг.
Эх хэл, ёс суртахуун, нийгэм, тоо, шинжлэх ухаан, биеийн тамир, дуу хөгжим, зураг, хөдөлмөр сургалт, англи хэл зэрэг үндсэн хичээлүүд орох бөгөөд компьютер, ханз, гадаад хэл зэргээс сонгон суралцах боломжтой. Хичээлийн цагийн хувьд өдөрт дунджаар 6 цаг орчим бөгөөд улирал болгонд 2 удаа стандартчлагдсан үнэлгээний шалгалт өгнө. Дүнг сурлагын дэвтэрт нь бичээд гэрлүү нь илгээдэг.
(2) Ахлах сургууль
Ахлах сургуулийг дотор нь ерөнхий ахлах сургууль, техник технологийн ахлах сургууль, тусгай сургалттай ахлах сургууль гэж том 3 хэсэгт хуваадаг. Ерөнхий ахлах сургуульд дээд сургуульд элсэн ороход хэрэгтэй хичээлүүд ордог бөгөөд техник технологийн ахлах сургуулийн хувьд төгссөнийхөө дараа шууд ажил дээр гарахад хэрэгтэй хичээлүүд голцуу ордог. Тусгай сургалттай ахлах сургууль нь шинжлэх ухаан болон гадаад хэл, биеийн тамир зэрэг авъяас чадварыг онцгойлон хөгжүүлэхэд чиглэгдсэн байдаг. Тиймээс ахлах сургуулиудын хичээл нь сургууль сургуулиасаа шалтгаалан өөр өөр байдаг. Сурагчид ахлах сургуулиа төгсвөл дээд сургуульд орох юмуу ажилд ордог.
4. Дээд боловсрол
Солонгосын дээд сургууль нь 4 жил ба 2 жилийн сургалттай дээд сургууль гэж хуваагддаг. 4 жилийн сургалттай дээд сургууль нь мэргэжлийн нарийн мэдлэг олгоход чиглэгдсэн байдаг бөгөөд 2 жилийн сургалттай дээд сургууль нь ажил мэргэжилтэй холбоотой нарийн техник технологи эзэмшүүлэхэд чиглэгдсэн байдаг.
Байгуулагдсан үндсэн зорилгоос шалтгаалан дээд сургуулийг ерөнхий дээд сургууль болон тусгай сургалттай дээд сургууль, тусгай дээд сургууль зэргээр хувааж болно. Тусгай сургалттай сургуульд боловсрол судлалын дээд сургууль, мэдээлэл технологийн дээд сургууль, шинжлэх ухаан техник технологийн дээд сургууль зэрэг байдаг бөгөөд тусгай дээд сургуульд хуульч өмгөөлөгчдийг бэлтгэдэг тусгай сургууль, цагдаагийн сургууль, татварын дээд сургууль зэрэг байдаг.
Дээд сургуульд ороход ерөнхийдөө ахлах сургууль төгссөн дүн ба жил болгоны улсын шалгалтын дүн шаардлагатай байдаг. Сурагч өөрийнхөө хүссэн сургуульд элсэхийг хүссэн өргөдөл гаргаж болох боловч тухайн сургуулиас шалтгаалан оюутан элсүүлж авах дотоод дүрэм бага зэрэг ялгаатай байдаг тул тухайн сургуулиас шаардаж буй болзлыг хангасан байх шаардлагатай. Эцэг эх нь хоёулаа гадаад хүн бол гадаад оюутан элсүүлэн авах материалтай танилцан материалаа бүрдүүлж өгнө.
