Virginia Tech Их сургууль дээрх аймшигт аллага
Cho Seung-hui
Даваа гаригт Америкийн Virginia Tech их сургууль дээр олныг цочирдуулсан аймшигт аллага гарч уг аллагын эзнийг цагдаагийнхан тогтоолоо. Энэхүү 33 хүн нас бараад буй аллагын эзэн нь 23 настай солонгосоос ирсэн Cho Seung-hui юм байна.
Cho нь Англи хэлний мэргэжлээр сурдаг, сургуулийнхаа хотхонд амьдардаг байсан ба энэ үйлдлийнхээ дараа өөрийгөө алсан байна. Энэ аллага нь АНУ-ын түүхэнд гарсан хамгийн аймшигтай нь юм байна.
Мягмар гаригт Virginia мужийн говернир Tim Kaine энэ үйлдэлд дүгнэлт хийсэн байна. Мөн АНУ-ын ерөнхийлөгч George Bush сургуулийн гашуудлын ёслолын үеэр “Орон даяар эмгэнэлийн өдөр болж байна” гэжээ.
Даваа гаригийн аллага нь 2 газар хоорондоо 2 цагийн зайтай болсон байна.
Эхнийх нь орон нутгийн цагаар өглөө 07.15-д дотуур байранд эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг буудан алсан байна.
Дараа нь 09.15-д дотуур байрнаас 800 метр орчим зайнд орших Norris Hall-д 30 хүнийг буудан алсан байна. Цагдаагийнхан 9mm ба 0.22-ын 2 ширхэг гар бууг хэргийн газраас олсон бөгөөд нэгийг эхний аллаганд хэрэглэсэн байна.
Цагдаагийнхан Cho Seung-hui нь Өмнөд Солонгосын иргэн бөгөөд АНУ-д хууль ёсоор амьдрагч байсан байна. Тэрээр бага наснаасаа эхлэн АНУ-д амьдарч байгаа юм байна.
Солонгосын ерөнхийлөгч Roh Moo-hyun “Төсөөлөхын аргагүйгээр цочирдолд орлоо” хэмээгээд хохирогчдын ар гэрийнхэн болон АНУ-ын иргэдэд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Цагдаагийнхан аллагын шалтгааныг тогтоогоогүй байгаа бөгөөд Virginia Tech-ын олон нийтийн харилцаа эрхэлсэн дэд захирал Larry Hincker “Тэр ганцаардмал нэгэн байсан бөгөөд мэдээлэл олоход төвөгтэй байна” гэжээ.
“US Media” Cho Seung-hui зохион бичлэгийн хичээлийн хэцүү байдлын талаар бичсэн тэмдэглэл олсон гэсэн ч цагдаагийнхан ямар нэгэн амиа хорлох захиа байгаагүй гэсэн байна. Гэхдээ алуурчны бичиж байсан тэмдэглэлүүд дотор нь “You caused me to do this” буюу “Та нар намайг ийм зүйл хийхэд хүргэлээ” хэмээн бичсэн байжээ.
Хохирогчид нь хичээлийн 4 анги болон шатан дээр олдсон байна. Алуурчин нэг ангид нь хохирогчдын дунд өөрийгөө хороосон байжээ. Одоогоор 14 хүн эмнэлэгт байгаа юм. Долоо хоногийн үлдсэн хэсэгт хичээл орохгүй ба Norris Hall-ыг үлдсэн улиралд хаах юм байна.
Хохирогчдын нэрийг зарлаагүй байгаа ч дор хаяж 2 профессор байгаа юм байна. 1 профессор нь оюутнуудыгаа цонхоор үсэрч амиа аварцгаа хэмээгээд өөрөө алуурчныг ангид оруулахгүй хаалгаа даран өөрөө нилээд их буудагдан алагдсан байна.
Сэтгэгдэлүүд