VICTORY'S BLOG

  • USA—AMWAY корпорацын бизнесийн салбарт урьж байна

    Бизнесын зар

    Америкийн 50-н жилийн түүхтэй 58-н орны 100 гаруй муж орон нутагт хуулийн дагуу албан ёсоор үйл ажиллагаагаа явуулдаг Amway компаны бизнесын салбарт эрхэм таныг урьж байна.

    AMWAY корпораци нь дэлхийн шууд борлуулалтын томоохон компаниудын нэг бөгөөд сүлжээний бизнесийн амжилтаараа 2013-онд GLOBAL DIRECT SELLING NEWS-ээс шалгаруулсан шалгаруултанд сүлжээний олон корпарицуудыг ардаа орхиж 1-р байрт шалгарсан юм.

    Дэлхийн 100 гаруй сүлжээний корпорациас шалгарсан ТОР 10 --ийг дурдвал:
    1-р байр AMWAY
    2-р байр AVON
    3-р байр HERBALIFE
    4-р байр VORWERK
    5-р байр MARY KAY
    6-р байр NATURA
    7-р байр NU SKIN
    8-р байр TUPPERW ARE
    9- р байр BELCORP
    10-р байр ORIFLAME

    AMWAY корпорацын брэнд бүтээгдэхүүн нь шинжлэх ухааны үндсэн дээр олон жилийн судалгаа шинжилгээ дээр улбаалан 100% цэвэр байгалийн гаралтай ахуйн болон хүнсний хэрэглээний төрөл бүрийн брэнд бүтээгдэхүүн нь эрүүл аж төрөхөд зайлшгүй чухал орц найрлагыг агуулсанаараа онцлог бөгөөд 50-жилийн турш олон мянган хэрэглэгчийн хайр хүндэтгэлийг хүлээсээр ирсэн чанартай итгэж болох зөвхөн үнэнийг өгүүлсэн брэнд бүтээгдэхүүнүүд юм.

    AMWAY КоРПОРАЦЫН дэлхийд номер 1-т ордог шилдэг брэнд бүтээгдэхүүнээс дурдвал:

    ----NUTRILITE 80-н жилийн түүхтэй витамины иж бүрдэл дэлхийд 1-р байр

    ----Espring минериалаар баялаг ус цэвэрлэгч дэлхийд 1-р байр

    ----ARTISTRY ----дэлхийд TOP 5 брэндийн нэг болох гоо сайхны иж бүрдэл

    ----ATMOSPHERE брэнд агааржуулагч

    ----AMWAY QUEEN дээд зэрэглэлийн STEN хоолны савны иж бүрдэл

    ----AMWAY HOME--- пок болон угаалгын иж бүрдэл
    ----GLISTER--- оо сойз, амны хөндийг ариутгагч, саван, шампуны иж бүрдэл
    ----ONE FOR ONE ---Солонгосын экспортонд гаргадаг 20-н төрлийн шилдэг бүтээгдэхүүнүүд

    AMWAY Корпорци нь брэнд бүтээгдэхүүнээрээ дамжуулан Өөдрөг бодолтой, өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн, өөртөө итгэлтэй хүсэл мөрөөдөл тэмүүлэлээр дүүрэн ирээдүйн лидэр болохыг хүссэн эрхэм таньд AMWAY компани бизнесийн боломж олгосоноороо хүсэл мөрөөдлийг тань биелэхэд тусалдаг агуу том корпораци юм.

    Хамтран ажиллах хүсэлтэй эрхэм та доорх сайт руу орж компаны талаарх мэдээллийг тодорхой авч болохоос гадна youtube сайтаас amway компаны төрөл бүрийн бичлэгийг үзэж болох ба AMWAY компаны гишүүн миний бие Б.Батсүрэн 010-9097-5663 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

    http://m.amway.com --- америк дахь AMWAY компаны төв утас 1-800-253-6500

    www.abnkorea.co.kr--- солонгос дахь AMWAY компаны төв утас 02-3468-6000

    youtube.com/user/abnkorea

    www.amwayon.co.kr----бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

    Жич: AMWAY компаны брэнд бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүст анхааруулахад AMWAY компаны бүтээгдэхүүнийг хятадууд хуурамчаар үйлдвэрлэж байгаа тул заавал албан ёсны гишүүнээр дамжуулан бүтэээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөхөөс гадна албан ёсны гишүүнээс авсан тохиолдолд бүтээгдэхүүндээ 100% баталгаа гаргаж сэтгэлд тань нийцэхгүй тохиолдолд 1-сарын дотор буцаан өгөх боломжтой.

    Анхааран уншсан эрхэм таньд баярлалаа.

  • Ангилал

  • Архив

  • Хуанли

  • Advertisements

Archive for November, 2006

Монгол үсгийн цагаан толгой

Posted by Victory on 2006/11/30

Дүрэм №1.

Монгол цагаан толгой  35:
1. А а                        13. Л л                            25. Х х
2. Б б                        14. М м                          26. Ц ц
3. В в                         15. Н н                          27. Ч ч
4. Г г                        16. О о                            28. Ш ш
5. Д д                       17. Ө ө                              29. Щ щ
6. Е е                    18. П п                               30. Ъ ъ
7. Ё ё                  19. Р р                                   31. Ы ы
8. Ж ж                 20. С с                                32. Ь ь
9. З з                    21. Т т                                33. Э э
10. И и                22. У у                               34. Ю ю
11. Й й                23. Ү ү                                   35. Я я
12. К к                  24. Ф ф

Дүрэм №2.
Монгол бичиг 35 үсэгтэй. Эдгээр үсгийг эгшиг, гийгүүлэгч, тэмдэг гэж гурав хуваана.
Уушигнаас гарсан хий амны хөндийгөөр саадгүй чөлөөтэйгөөр гарч хэлэгдэх авиаг эгшиг авиа гэнэ.
Уушигнаас гарсан хий амны хөндийгөөр гарахдаа ямар нэг саад хашилт тохиолдож хэлэгдэх авиаг гийгүүлэгч авиа гэнэ.
Цагаан толгойн үсгийн а, э, и, о, у, ө, ү, я, е, ё, ю, й, ы энэ арван гурав нь эгшиг; б, в, г, д, ж, з, к, л, м, н, п, р, с, т, ф, х, ц, ч, ш, щ энэ хорь нь гийгүүлэгч; ъ, ь хоёр нь дуудлагагүй тул эгшиг ч биш, гийгүүлэгч ч биш зүгээр тэмдэг үсэг болно.

Advertisements

Posted in Монгол хэлний дүрэм | Comments Off on Монгол үсгийн цагаан толгой

Эгшиг үсгийн тухай

Posted by Victory on 2006/11/29

Дүрэм №3.

Эгшиг үсэг 13 боловч монгол хэлний эгшиг авиа 7 юм. Энэ долоон авиаг тэмдэглэх {а, э, и, о, у, ө, ү } үсгийг  үндсэн эгшиг гэнэ. Нөгөө {я, е, ё, ю, й, ы}  зургааг туслах эгшиг гэнэ.

Дүрэм №4.

Монгол үгийн эхний үеийн эгшиг дандаа тодорхой хэлэгдэх тул түүнийг өргөлтөт эгшиг гэдэг. Үгийн нэгдүгээр үеэс хойш орох богино эгшгүүд цөм тодорхойгүй хэлэгдэх тул түүнийг балархай эгшиг гэнэ. Жишээлбэл: Гэрэл, мандах гэдэг хоёр үгийн эхний эгшгүүд өргөлттэй ба сүүлийн эгшгүүд балархай юм.

Дүрэм №5.

Сунгаж удаанаар хэлэх эгшгийг урт эгшиг гэнэ. Урт эгшгийг дөрвөн аргаар тэмдэглэнэ. – Үндсэн эгшгийг давхарлаж {аа, ээ, оо, уу, өө, үү} гэж тэмдэглэнэ. – {Я, е, ё, ю} эгшгийн дараа үндсэн эгшгийн нэгийг давхарлаж {яа, яу, еэ, еү, еө, ёо, ёу, юу, юү} гэж тэмдэглэнэ.

– Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараах урт эгшгийг бичихдээ зөөлний тэмдгийг}  болгож үндсэн эгшиг нэгийг нэмж {иа, ио, иу} гэж тэмдэглэнэ. Үндсэн эгшиг гурвыг давхарлаж бичихгүй. {- И }эгшгийг уртаар бичихдээ{ эр үгийн ы, эм үгийн ий}  гэж ялгаж тэмдэглэнэ. Эр үгийн }  эгшиг дан үсгээр тэмдэглэсэн богино эгшгийн хэлбэртэй боловч урт { и} эгшиг юм. Эм үгийн {ий } хос эгшгийн хэлбэртэй боловч урт эгшиг юм. Жишээлбэл: Ардын, ордны, өвлийн дэрсний гэх мэт.

Дүрэм №6.

Нэг үе болж хавсран орсон хоёр өөр эгшгийг хос эгшиг гэнэ. Жишээлбэл: Аймаг, ойр, үнэтэй, үйлдвэр, туйл, яйрих, ёйлгор, гуанз, аугаа гэх мэт. Монгол хэлний хос эгшгийг {ай, эй, ой, уй, үй, яй, ёй, юй} хааяа {уа, ау } гэж тэмдэглэнэ.   Монгол хэлэнд{ “өй” } гэсэн хос эгшиг хэрэглэхгүй.

Дүрэм №7.

Арван гурван эгшгээс хэлний угт бүтэх {а, о, у, я, ё, ю (у), ы} долоог эр эгшиг гэнэ. Хэлний дунд бүтэх{э, ө, ү, е, ю (ү)} тавыг эм эгшиг гэнэ. Хэлний үзүүрт бүтэх {и,ий},  хоёрыг саармаг эгшиг гэнэ. Эр эгшиг орж бүтсэн үгийг эр үг гэнэ. Эм эгшиг орж бүтсэн үгийг эм үг гэнэ. Саармаг эгшгээр бүтсэн үгэнд залгавар залгахад эм эгшиг гардаг учир саармаг эгшгээр бүтсэн үгийг эм үгэнд тооцно. Жишээлбэл: ишиг-ишгээр, жил-жилүүд, чийг-чийгтэй гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Эгшиг зохицох ёс

Posted by Victory on 2006/11/28

Дүрэм №8.

Үгийн эхний эгшиг, мөнхүү үгийн дараах эгшгийг ялган тогтоох ёсыг эгшиг зохицох ёс гэнэ. Эгшиг хэлний ба уруулын талаар зохицно.
Монгол хэлний нэг үгэнд эр, эм эгшиг хамтран орохгүй. Эр эгшиг эр эгшигтэйгээ, эм эгшиг эм эгшигтэйгээ зохицож орно. Саармаг эгшиг эр, эм ямар ч эгшигтэй зохицон орно. Энэ бол эгшиг хэлний талаар зохицох ёс юм.

Гажилт:
1. Хоёр үгнээс бүтсэн нэг үгэнд эр, эм эгшиг орж болно. Жишээлбэл: горьгүй, болохгүй, Батгэрэл гэх мэт.
2. Хааяа үгийн эцсийн урт эгшиг энэ дүрмийг зөрчинө. Жишээлбэл: байжээ, болжээ, гарчээ гэх мэт.

Дүрэм №9.
Эгшиг уруулын талаар зохицохдоо:

1. Үгийн эхний үед{ а, у} байвал хойшид {а} дагана. Жишээлбэл: авдартай, уламжлахад, хамгаалахаараа, уулзвар гэх мэт.

2. Үгийн эхний үед {э, ү, и} байвал хойшид }дагана. Жишээлбэл: эрдэм, үзэгдэхэд, жинхэнэ гэх мэт.

3. Үгийн эхний үед{ о}  байвал хойшид {о} дагана. Жишээлбэл: онгоцоор, оролцоход гэх мэт.

4. Үгийн эхний үед {ө} байвал хойшид { ө} дагана. Жишээлбэл: мөнгө, өргөдөл, өндөглөхөд гэх мэт.

5. Энэ зохицолд урт, хос, туслах эгшиг хамаарна. Жишээлбэл: Ёндон, олъё, уралдаантайгаар, үзье, үдэшлэгтэй, инээдэм, уяатай гэх мэт.

Энэ дүрмийг хүснэгтээр үзүүлбэл:

Үгийн эхний үед ийм эгшиг байвал Хойшид тохиолдох эгшиг нь
а, у          -> а
э, ү, и    -> э
о                -> о
ө                -> ө

Гажилт:

1. {уу, үү, юу, юү, яу, ёу, еү, иу} эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох бөгөөд хойшид дагах эгшгийг өөрийн зохицолд авна. Жишээлбэл: орчуулагч, өрнүүлсэн, оёулахдаа, үеүдэд, хориулан гэх мэт.

2. {и, ий, ы, эй} эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох боловч хойшид дагах эгшиг нь өмнөх эгшгийн зохицолд хамаарагдана. Жишээлбэл: ажиллах, хөгжилдөнө, онийсон, нөхөдтэйгөө, өвстэйхөн, доёийсон гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

-ы, -ий хоёрыг ялгаж бичих дүрэм

Posted by Victory on 2006/11/27

Дүрэм №10

1. Урт {ы} үсгийг эр үгэнд бичнэ. Эм үгэнд ердөө бичихгүй. Жишээлбэл: ардын, нарны, хотыг, уулыг гэх мэт.

2. Эм үгэнд {ий }үсгийг бичнэ. Жишээлбэл: хүний, эрдмийг, өвлийн, шүлгийг гэх мэт.

3. {ий} үсгийг эр үгэнд хааяа бичнэ. Үүнд: {ж, ч, ш, ь, ихэлний  г үсгээр төгссөн эр үгэнд бичнэ. Жишээлбэл: туужийг, ачийн, багшийн, айргийг, ааргийн, харь-харийн, анги-ангийн гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | 1 Comment »

Я-гийн төрлийн үсгүүдийн тухай

Posted by Victory on 2006/11/26

Дүрэм №11.

{я, е, ё, ю} дөрөв бол уг нь гийгүүлэгч эгшиг хоёр авиагаар бүтсэн бүхэл үеийг тэмдэглэх үсэг юм. Үүнийг хавсарсан үсгээр жишээ болгон үзүүлье. (Гийгүүлэгч үсгийг i үсгээр тэмдэглэв.)

я-iа
е-iэ, iө
ё-iо
ю-iу, iү

энэ дөрвөн үсгийг я-гийн төрлийн үсгүүд гэнэ.

Дүрэм №12.
Эр үгийн эхний үед богино и үсгийг бичихгүй, дандаа { я}- гийн төрлийн үсгийг бичнэ. Жишээлбэл: мянга, пял, янзага, ёс, хялгана гэх мэт.

Дүрэм №13.


{Юу, яу, ёу, еү}
эгшгийг ялгаж бичих нь:
Үгэнд юу мэтээр хэлэгдэх урт эгшгийг юу, яу, ёу, еү дөрвөн янзаар бичнэ.
Үгийн үндэс нь {я, е, ё} үсгээр төгссөн бол түүнийг солихгүй зөвхөн  {у, ү} эгшиг нэмнэ. Жишээлбэл: хоёр-хоёул, хая-хаяул, оё-оёул, үе-үеүд, бие-биеүд гэх мэт.
Үгийн үндэс нь { я, е, ё} үсгээр төгссөн биш бөгөөд {ю }хэлэгдвэл тэр  {ю} үсгийг бичнэ. Жишээлбэл: аюул, Аюуш, оюун, гиюүрэх гэх мэт.

Дүрэм №14
Я-гийн төрлийн эгшиг өмнөх эгшигтэйгээ нийлж урт эгшиг буюу хос эгшиг болдоггүй, тусгай үе хэвээр байна. Жишээлбэл: байя, хөөе, ная, оё, бие гэх мэт.
Я-гийн төрлийн эгшиг арын эгшигтэй нийлж урт ба хос эгшгийг бүтээнэ. Жишээлбэл: яарах, үеэс, аюул, оёод, оюутан, оёулах, хаяулах, саяын, гоёыг, биеийг гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Гийгүүлэгч үсгийн тухай

Posted by Victory on 2006/11/25

Дүрэм №15

Монгол хэлэнд үгийн нэгдүгээр үеэс хойш орсон богино эгшгүүд цөм тодгүй балархай хэлэгдэнэ. Балархай эгшгийг олж бичихэд амаргүй боловч гийгүүлэгч үсгүүдийг хянаж үзвэл зарим гийгүүлэгч үсгүүд заавал эгшиг дагуулж үе бүтээдэг байхад зарим гийгүүлэгч үсгүүд заавал эгшиг дагуулж явдаг биш байна.

Энэ байдлаас үндэслэн балархай эгшгийн дүрмийг тогтоохын тулд гийгүүлэгч үсгийг эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгч, онцгой гийгүүлэгч гэж гурав хуваана.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Эгшигт гийгүүлэгчийн тухай

Posted by Victory on 2006/11/24

Дүрэм №16.

Эгшигт гийгүүлэгч:
{М, н, г, л, б, в, р} энэ долоон гийгүүлэгч үсэг үгэнд орохдоо өмнөө буюу хойноо аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Үүнийг эгшигт гийгүүлэгч гэнэ. Жишээлбэл: газар, тохом, цацрал, модон, хөдөлмөр, гарав, үзэл, тасархай гэх мэт. Үүнийг цээжлэхдээ “Монгол баавар” гэнэ.
Гажилт:

1. Хэлний угийн н-ийн дараа заахын тийн ялгалын г нөхцөл эгшиггүй бичигдэж болно. Жишээлбэл: байшинг, дүнг, Галсанг, хөвөнг гэх мэт.

2. Тусгай бичигддэг л, нь хоёр эгшиггүй бичигдэнэ. Жишээлбэл: сайн л байна. Хоёр нь үлджээ. гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | 1 Comment »

Заримдаг гийгүүлэгчийн тухай

Posted by Victory on 2006/11/23

Дүрэм №17.
{Д, т, ж, з, с, ш, ц, ч, х} есөн гийгүүлэгч үсэг үгэнд эгшигтэй, эгшиггүй хоёр янзаар бичигдэх тул заримдаг гийгүүлэгч гэнэ.

Заримдаг гийгүүлэгч бол эгшигт гийгүүлэгчийн дараа өмнө хойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: Ховд, хагд, амт, тэнд, ард, тэвш, багш, булш, зунш, дарш, эзэмж гэх мэт.
Гажилт:
Үйлт нэрийн ирээдүй цагийн  х нөхцөлийн өмнө заавал эгшиг бичдэг учир энэ дүрэмд хамаарахгүй. Жишээлбэл: өгөх, явах, олох, хамах, харах гэх мэт.

Дүрэм №18.

Заримдаг гийгүүлэгч нь заримдаг гийгүүлэгчийн дараа орохдоо сүүлчийн заримдаг нь өмнөө буюу хойноо аль хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Жишээлбэл: модот, модтод, хожид, хождох, бусад, бусдад, эзэд, батад, ахад, лацад, мөчид, хойшид, буцаж, эцэс, ачит, анжис гэх мэт.
Гажилт:
Заримдаг гийгүүлэгчийн дотроос с, х үсгийн дараа т, ч үсэг өмнө хойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: туст нөхөр, түүхт он, усч хүн, түүхч эрдэмтэн гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Балархай эгшиг үгийн эцэст орохдоо

Posted by Victory on 2006/11/22

Дүрэм №19.
Эгшигт гийгүүлэгчийн дараа үгийн эцэст ямар ч балархай эгшиг бичиж болно. Жишээлбэл: ямба, толбо, алба, Пагма, хурга, хөрөнгө, мөнгө, анги, тогло, ажигла, муна, ирнэ, урва, харва, цэлмэ гэх мэт.

Заримдаг гийгүүлэгчийн дараа үгийн эцэст и-ээс өөр балархай эгшиг бичихгүй. Жишээлбэл: салхи, банди, гархи гэх мэт.

Энэ дүрмийн 16, 18 дугаар зүйлд дурдсан балархай эгшгийн дүрмийг мартахгүй тогтооход зориулж томъёогоор үзүүлбэл:
7 + э
7 + 9 – э
9 + 9 + э

Эгшигт гийгүүлэгчийг 7–  гийн тоогоор,   заримдаг гийгүүлэгчийг 9–  ийн тоогоор,  эгшиг үсгийг э–  ээр тэмдэглэв.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

К, Ф, Щ, П – онцгой 4 гийгүүлэгчийн тухай

Posted by Victory on 2006/11/21


Дүрэм №20.
{К, Ф, Щ} гурван үсэг монгол үгэнд бичигдэхгүй, зөвхөн гадаадын үгэнд бичигдэнэ. Жишээлбэл: коммунизм, капитал, фабрик, Щорс гэх мэт.
{П} үсэг монгол үгийн дунд ба адагт орохгүй, харин монгол үгийн эхэнд хааяа бичигдэнэ. Жишээлбэл: пагдгар, пүл пал, пээ юу вэ гэх мэт.
К, ф, щ, п дөрвөн үсгийг онцгой гийгүүлэгч гэж нэрлэнэ.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Б, В үсгийг ялгаж бичих дүрэм

Posted by Victory on 2006/11/20

Дүрэм №21.

1.{ Б} үсгийг ихэвчлэн үгийн эхэнд бичнэ. Үгийн дунд {л, м, н, в}  үсгийн дараа бичнэ. Жишээлбэл: бодлого, толбо, самбар, хэн бэ? явбал гэх мэт.

2. {В} үсгийг ихэвчлэн үгийн дунд болон адагт бичнэ. Үгийн эхэнд хааяа цөөн үгэнд бичнэ. Жишээлбэл: ваадан, вандан, ваар, хавав, харав, хөвөвч гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | 1 Comment »

Хоолойн Г, хэлний Г-гийн тухай

Posted by Victory on 2006/11/19

Дүрэм №22.

} үсгээр хоёр авиаг тэмдэглэнэ:
1. Хүүхэн хэл идэвхтэй оролцож “га, го, гу, гы” гэж хэлэгдэх } үсгийг хоолойн г гэнэ. Хоолойн г-ийн ард  {а, о, у, ы} дөрвөн эгшгийн нэгийг бичнэ. Жишээлбэл: арга, аргын, бага, ботго, гудамж гэх мэт.

2. Хэлний угаар хэлэгдэх г үсгийг хэлний г гэнэ. Хэлний г ардаа эгшиггүй буюу {а, о, у, ы} дөрвөөс өөр эгшигтэй байна. Жишээлбэл: аймаг, нутаг, хөрөнгө, цэнгэл, цэцэг, гүйцэтгэх гэх мэт.

Хэлний г үсгийн ард залгавар залгахад  {а, о, у} эгшиг орох боловч хэлний г хэвээр байна. Жишээлбэл: хамаг-хамгаас, тоорцог-тоорцгоор, туг-тугууд, аймаг-аймгарх, омог-омгорхуу гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Хэлний үзүүрийн Н, хэлний угийн Н-ийн тухай

Posted by Victory on 2006/11/18


Дүрэм №23.
<<Н>> үсгээр хоёр авиаг тэмдэглэнэ:
1. Хэлний үзүүр хатуу тагнайд хүрч хэлэгдэх << н>> авиаг хэлний үзүүрийн н гэнэ. Хэлний үзүүрийн    <<н>> хойноо эгшиг буюу <<ь>>–  тэй байна. Жишээлбэл: чанар, үнэг, чоно, явна, нум, нөмөр, оньс, тань гэх мэт.

2. Хэлний үзүүр хатуу тагнайд хүрэхгүй хэлэгдэх   <<н>> үсгийг <<хэлний угийн  н>> гэнэ. Хэлний угийн <<н>> ардаа эгшиггүй байна. Жишээлбэл: ганган, онгоц, сан, байшин, Лувсан, Сүрэн гэх мэт. Зарим үгийн эсийн хэлний үзүүрийн   <<н>> авиа халх аялгуунд хэлний угийн  < н>   болж хэлэгддэг бөгөөд залгавар залгахад хэлний үзүүрийн  <н> болох нь тодорхой болно. Жишээлбэл: мэргэн-мэргэнээр, он-оны, үнэн-үнэний гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Ялгах эгшгийн тухай

Posted by Victory on 2006/11/17


Дүрэм №24.
<<Хэлний үзүүрийн н>>-ийг <<хэлний угийн н>> -ээс,<< хоолойн г үсгийг хэлний г>>-ээс ялгахын тул хэлний үзүүрийн н,  хоолойн г үсгийн ард бичсэн балархай эгшгийг ялгах эгшиг гэнэ. Жишээлбэл: хана, бага, оно, торго, үнэ, онгоц, өнөр, торни гэх мэт.
Тайлбарлах нь:

Өргөлттэй эр, үндсэн эгшиг, мөн урт хос эгшиг ба < ы> эгшгийн өмнө орсон <г> бол их төлөв хоолойн г байна. Жишээлбэл: газар, гуйх, гоожих, тогоо, агуу, даргын, агаар гэх мэт.
Балархай эгшгээс бусад эдгээр дурдсан эгшгийг ялгах эгшиг гэж нэрлэхгүй.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Дараалсан гурван гийгүүлэгчийн дүрэм

Posted by Victory on 2006/11/16


Дүрэм №25.
Дараалсан гурван гийгүүлэгчийн гуравдугаар нь< хоолойн г хэлний үзүүрийн н > хоёрын нэг бөгөөд түүний арын ялгах балархай эгшгээр үг төгсгөвөл тэр ялгах эгшиг сонстохгүй тул <н > ба< г> -ийн өмнө богино эгшиг бичнэ. Үүнийг дараалсан гурван гийгүүлэгчийн дүрэм гэнэ. Жишээлбэл:
1. Аньсага, бортого, ганзага, жинхэнэ, зулзага, оньсого, турсага, хавтага, харцага, хоромсого, хундага, чагтага, чандага, чогчиго, эрдэнэ, янзага гэх мэт цөөн нэр үг байна.

2. Цаг заах үйл үгийн одоо, ирээдүй цагийн<–на, -нэ, -но, -нө> нөхцөлийг давхар гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахдаа дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр бичнэ. Жишээлбэл: манд-на-мандана, мөлх-нө-мөлхөнө, урс-на-урсана, орш-но-оршино гэх мэт.

Дээрх хоёр тохиолдлоос бусад үгэнд балархай эгшгийн дүрмийг зөрчихгүй бол 3 ба 4 гийгүүлэгч дараалан орж болно. Жишээлбэл: урсга, ястны, эмхтгэх, цомхтго, төрөлхтний, эрхтний гэх мэт.

Дүрэм №26.
Дараалсан хоёр гийгүүлэгчийн хоёрдугаар гийгүүлэгч нь <<хоолойн г, хэлний үзүүрийн н>> хоёрын нэг байвал түүний өмнө<< и>>-ээс бусад балархай эгшиг бичихгүй. Жишээлбэл: авга, алга, тамга, ганга, торго, годгор, хазгар, босго, тошгор, авна, аялна, бодно, маажна, босно, хөшнө гэх мэт.

<<Хэлний үзүүрийн н>> буюу <<хоолойн г>>-ийн өмнө хэлний үзүүрийн <н> буюу хоолойн <г> тохиолдвол завсар нь эгшиг бичнэ. Жишээлбэл: унана, дагана, унага, шанага, багана гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Ж, Ч, Ш-ийн дараах эгшгийн тухай

Posted by Victory on 2006/11/15


Дүрэм №27.
Ж, ч, ш-ийн дараах эгшиг:
1. Эр үгийн эхний <ж, ч, ш> гурвын дараа богино и эгшиг бичихгүй, <а, о, у >гурвын нэгийг бичнэ. Жишээлбэл: шар, чагтага, жаргалан, шороо, чоно, чухал, шугам гэх мэт.

2. Эм үгийн эхний <ж, ч, ш>-ийн дараа богино э эгшгийг бичихгүй,< и, ө, ү> гурвын нэгийг бичнэ. Жишээлбэл: жил, чимээ, ширээ, чөлөө, шөнө, жүжиг, шүдлэн гэх мэт.

3. Эр, эм ямар ч үгийн дунд орсон< ж, ч, ш> гурвын дараа балархай эгшиг бичих шаардлага гарвал дандаа > эгшиг бичнэ. Жишээлбэл: ажил, ашиг, ишиг, хөгжил, учир, дэвших гэх мэт.

4. <Ж, ч, ш>-ийн дараа ямар ч урт эгшгийг бичиж болно. Жишээлбэл: шаантага, шээзгий, шүүх, хашаа, чанаржуулах, хөгжөөнө гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Гээгдэх эгшгийн дүрэм

Posted by Victory on 2006/11/14


Дүрэм №28.
Үгэнд залгавар залгахад балархай эгшгийн дүрмийн ёсоор шаардагдахгүй болж хасагдах эгшгийг гээгдэх эгшиг гэнэ. Ийнхүү эгшиг гээгдэх гурван тохиолдол байна.

Үүнд:

1. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад уг үгийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: олон-олноос, авар-авраад, суртал-суртлаар гэх мэт.

2.<< И>>-аас бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад төгсгөлийн балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: чарга-чаргыг, хана-ханаар, сана-сануул, эмнэ-эмнүүл, өмнө-өмнөөс гэх мэт.

3. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахдаа өмнө нь эгшиг жийрэглэвэл мөн үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: боловсор-л-боловсрол, сурагчид-д-сурагчдад, үсэр-х-үсрэх гэх мэт.

Гажилт:

1. Оноосон нэрийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: Матад-Матадаас, Орхон-Орхоны, Пунцаг-Пунцагийг гэх мэт.

2. Галав, төлөв гэх мэт зарим үгийн балархай эгшгийг гээхэд үгийн үндэс ихээхэн өөрчлөгдөхөөр болбол балархай эгшгийг гээхгүй.

3. Уламжлалын зарчим баримталж бичсэн үгийн “и” эгшгийг гээхгүй. Жишээлбэл: тэнхимийн, эрихээр гэх мэт.

Дүрэм №29.
Нэг үгэнд хэд хэдэн залгавар залгахдаа нэгэнтээ гээж бичсэн эгшгийг сэргээж бичихгүй. Жишээлбэл: бутар-бутрал-бутралаар, нөхөд-нөхдөд-нөхдөдөө, бэх-бэхэж-бэхэжтүгэй-бэхжих-бэхжихэд гэх мэт.

Дүрэм №30.
Эгшгийг гээхдээ эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгчийг эгшиггүйдүүлэх, мөн үгийн дунд орсон ялгах эгшиг, үйлт нэрийн “х”-гийн өмнөх эгшиг, дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр бичсэн эгшиг, зөөлрүүлэх үүрэгтэй “и” эгшгийг гээх зэргээр балархай эгшгийн дүрмийг зөрчиж болохгүй.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Зөөлөрсөн гийгүүлэгчийг бичих тухай болон ь-ийн тухай

Posted by Victory on 2006/11/13


Дүрэм №31.
Эр үгэнд орсон зарим гийгүүлэгчийг уг хэлэгдвэл зохих байраас нь урагшлуулах, тагнайшуулах зэргээр хэлэхийг зөөлрүүлэх гэнэ. Жишээлбэл: бар-барь, хол-холь, ам-амь, зах-захь, тав-тавь гэх мэт.

Эм үгийн гийгүүлэгч үсгүүд угаас тагнайшиж зөөлөн хэлэгддэг тул түүнд зөөлний тэмдгийг зөөлрүүлэх үүрэгтэй хэрэглэхгүй.
Зөөлөрсөн дан гийгүүлэгчийн ард зөөлний тэмдгийг бичнэ. Хэрэв давхар гийгүүлэгч зөөлөрвөл түүний ард “и” бичнэ. Жишээлбэл: морь, тахь, хонь, архи, орхи, тамхи, болхи, солби, дорви, анги гэх мэт.

Дүрэм №32.
Зөөлний тэмдгийн солигдох нь:
1. Зөөлний тэмдгийн дараа үндсэн эгшиг (а, о, у, и) орвол зөөлний тэмдгийг сольж<< и>> болгоно. Жишээлбэл: боль-болиод, дохь-дохио, захь-захиа, сургууль-сургуулийн, харь-хариу гэх мэт.

2. Зөөлний тэмдгийн дараа эгшигт гийгүүлэгч (в, г, л, м, н, р) орвол зөөлний тэмдгийг сольж <<и>> болгоно. Жишээлбэл: морь-моринд, соль-соливол, ярь-яриг, барь-баримт, сахь-сахилаа, тахь-тахина гэх мэт.

3. Зөөлний тэмдгийн дараа үйлт нэрийн ирээдүй цагийн <<–х>> нөхцөл орвол зөөлний тэмдгийг сольж <и> болгоно. Жишээлбэл: тавь-тавих, ярь-ярих, ань-аних, холь-холих, хумь-хумих гэх мэт.

4. Заримдаг гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдгийн дараа дахин заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдгийг сольж< и> болгоно. Жишээлбэл: зохь-зохис, захь-захидал, сахь-сахиж, боть-ботид гэх мэт.

Дүрэм №33.

Зөөлний тэмдгийн үл солигдох нь:
1. Зөөлний тэмдгийн дараа туслах эгшиг (я, ё) орвол зөөлний тэмдэг хэвээр байна. Жишээлбэл: барья, сахья, сольё, дохьё гэх мэт.

2. Эгшигт гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдгийн дараа заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдэг хэвээр байна. Жишээлбэл: барь-барьдаг, барьц, барьзна, амьтан, шуугьж, хальсан гэх мэт.

3. Хоёр үгнээс бүтсэн үгэнд зөөлний тэмдэг хэвээр байна. Жишээлбэл: Дарьбазар, морьгүй гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Тусгаарлагч ъ, ь-ийн тухай

Posted by Victory on 2006/11/12


Дүрэм №34.
Тусгаарлагч ъ, ь:
1. Эр үгэнд< я, ё > эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө нь хатуугийн тэмдгээр тусгаарлаж бичнэ. Жишээлбэл: авъя, олъё, товъёг, угтъя
гэх мэт.

2. Эм үгэнд <е> эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө нь зөөлний тэмдгээр тусгаарлаж бичнэ. Жишээлбэл: өгье, үзье, тэнцье гэх мэт.

<Я, е, ё, ю> үсгүүд эгшиг ба зөөлний тэмдгийн дараа залгаж ороход өмнө нь хатуу, зөөлний тэмдэг (ъ, ь) бичихгүй. Жишээлбэл: саная, хичээе, олгоё, байя, хөгжөөе, барья, орхиё, цохьё гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Үгийн утгат хэсэг язгуур, дагавар, нөхцөлийг зөв бичих тухай

Posted by Victory on 2006/11/11


Дүрэм №35

Үгийн утгат хэсэг язгуур, дагавар, нөхцөлийг нэг тогтсон хэлбэртэй бичихийг чармайна. Жишээлбэл: Үйл үгийн байдал заадаг –<<цгаа, -цгоо, -цгээ, -зна, -знэ, -зно –знө>> нөхцөлийн бүтцийг  <<ц, з >>гийгүүлэгчийн ард эгшигтэй бичвэл эгшиг буюу эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахад балархай эгшиг нь илүүдэх учир нөхцөлийн бүтэц –<цгаа, -цгаа; -зана, -зна> гэж хоёр янз болж тайлбар дүрэм хэрэгтэй болно. Иймээс байцгаа, байзна, хүлээцгээ, хүлээзнэ, харцгаа, харзна, уншицгаа, уншизна гэж нэг ижил бүтэцтэй бичнэ.

Дүрэм №36.
Үгэнд залгавар залгахад үгийн үндсийг эвдсэн ч болох, эвдээгүй ч болох учир тохиолдвол үгийн үндсийг эвдэхгүйг чухал болгоно. Жишээлбэл: эцэст, тасал-тасалж, товчил-товчилж гэж бичнэ. Эцсэд, таслаж, товчлож гэж бичихгүй.

Дүрэм №37.
Үсгийн дүрэм ёсоор ижил бичиж болмоор боловч үгзүйн зарчмаар өөр өөр бичих үгийг үгийн бүтэц, үгзүйн зарчмыг баримталж бичнэ.

Жишээлбэл:
– хүрэг-зөвшин захирах хэлбэр, сураг гэсэнтэй адилхан утгатай залгавар
– хүргэ-бусдаар үйлдүүлэх хэв, сурга гэсэнтэй адилхан утгатай залгавар
– учралаа, хамтралаа, огтлолоо, жуулчлалаа, мэдрэлээ гэхэд юугаа гэсэн асуултад хариулагдах ерөнхийлөн хааатуулах –<<аа, -ээ, -оо, -өө>> нөхцөлтэй жинхэнэ нэр үг байна.
– учирлаа, хамтарлаа, огтоллоо, жуулчиллаа, мэдэрлээ гэхэд яав гэсэн асуултад хариулагдах цаг заах төлөвийн <<–лаа, -лээ, -лоо, -лөө>> нөхцөлтэй үйл үг байна.
– өргөдөх гэдэг үг бол өргөд-өргөн гэж үгзүйгээр задарна.
– өрөгдөх-өрөгд-өх гэж задарна (үсэг өрөгдөх гэх мэт).
– эндэх (осолдох, цалгардах), эндэхийг шахлаа.
– эндэх (энд байгаа) эндхийн хүн шүү дээ.
– явчих-явчхаад (бүрмөсөн үйлдэх байдал)
– яв-явч-явчих-явчихыг, явчихад (үйлт нэрийн ирээдүй цагийн х нөхцөлтэй үг)

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Үйл үгийн үндэс үүсгэх -л дагаврын тухай

Posted by Victory on 2006/11/10


Дүрэм №38.
Үйл үгийн үндэс үүсгэх << –л >> дагаврын шаардагдах балархай эгшгийг хаана нь бичих вэ гэвэл:
1. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд <<–л>> дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг ард нь бичнэ. Жишээлбэл: тагла, тавла, бөглө, нэрлэ, ажилла, төлөвлө, амла, тугалла, сумла гэх мэт.

2. Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд <<–л>> дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг өмнө нь бичнэ. Жишээлбэл: дансал, хагасал, борцол, бутал гэх мэт.

Гажилт:

Хэрэв <<–л>>  дагаврыг залгахад заримдаг гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэхээр байвал <<–л>> дагаврын шаардагдах эгшгийг ард нь бичнэ. Жишээлбэл: үндэс-үндэслэ, хавтас-хавтасла, идэш-идэшлэ, холтос-холтосло гэх мэт.

3. Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд<< –л>> дагавар залгахдаа зөөлний тэмдгийг<< и>>  болгоод<< –л>> дагаврыг шууд залгана. Жишээлбэл: цохь-цохил, барь-барил, хань-ханил гэх мэт.

4. Эгшгээр төгссөн үгэнд –<л> дагаврыг эгшиггүй залгаж бичнэ. Жишээлбэл: тоо-тоол, цай-цайл, хөө-хөөл гэх мэт.

Нэр үгийн –<л>> дагавар энэ 38-р зүйлд хамаарагдахгүй. Жишээлбэл: авар-аврал, -авралаар, явдал, хурал, цугларал гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Үйл үгийн бусдаар үйлдүүлэх хэвийн –г нөхцөлийн тухай

Posted by Victory on 2006/11/09


Дүрэм №39.
Үйл үгийн бусдаар үйлдүүлэх хэвийн <–г> нөхцөлийг <<–га, -го, -гэ, -гө>> гэж ард нь эгшигтэй бичнэ. Жишээлбэл: сур-сурга, ол-олго, хүр-хүргэ, хөөр-хөөргө гэх мэт. Харин захирах хүсэх төлөвийн <<–г>> нөхцөлийг ард нь эгшиггүй бичнэ. Жишээлбэл: сур-сураг, ол-олог, хүр-хүрэг, хөөр-хөөрөг гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Нөхцөлт үйлийн зэрэгцэх хэлбэрийн –ж, -ч нөхцөлийн тухай

Posted by Victory on 2006/11/08


Дүрэм №40.
Нөхцөл үйлийн зэрэгцэх хэлбэрийн<< –ж, -ч>   нөхцөлийг үгэнд залгахдаа:
1. Эгшгээр төгссөн үгийн хойно –<ж> нөхцөлийг бичнэ. Жишээлбэл: хурааж, гүйцээж, манаж, харайж, орхиж гэх мэт.

2. Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд зөвхөн –<ж>  бичнэ. Жишээлбэл: бодож, хатаж, буцаж, оршиж, дасаж, бялхаж, гацаж, засаж, дуусаж, нисэж гэх мэт.

3. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд ихэвчлэн <–ж>  бичих боловч хааяа -<ч> бичих удаа бий:

a) <л, м>-ийн дараа <–ж> бичнэ. Жишээлбэл: олж, хамж, нийлж, нэмж гэх мэт.
b)< в, г>-гийн дараа бараг төлөв <–ж> бичнэ. Зөвхөн авч, өгч хоёрт <-ч> бичнэ. Жишээлбэл: хавж, хөвж, сэвж, эгж, бүгж гэх мэт.
c) Урт буюу хос эгшигтэй ганц үетэй бас хоёроос дээш үетэй>-ээр төгссөн үйл үгэнд цөм< –ч> бичнэ. Жишээлбэл: таарч, тойрч, хөөрч, хуурч, ээрч, хайрч, хагарч, бутарч, дулаарч, хөөрч, самарч гэх мэт.
d) Богино эгшигтэй ганц үетэй >-ээр төгссөн үйл үгэнд их төлөв <–ж >бичнэ. Жишээлбэл: харж, орж, эрж, тарьж, хөрж, үрж гэх мэт.

Гажилт:

Хүрч, гарч, сурч гэх зэрэг цөөн үг байна.

Энэ нь цаг заах үйл үгийн өнгөрсөн үргэлжилсэн цагийн <–жээ, -чээ >нөхцөлийг бичихэд нэгэн адил хамаарагдана. Жишээлбэл: хөржээ, хөөрчээ, дусжээ, дуусжээ, оножээ, авчээ гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Үйл үгийн үндэс үүсгэх -д, -т дагаврын тухай

Posted by Victory on 2006/11/07


Дүрэм №41.
<С > үсгээр төгссөн нэг үгэнд үйл үгийн үндэс үүсгэх <-д> дагаврыг залгахгүй, <-т> дагаврыг залгана. Жишээлбэл: мөс-мөст-мөстөх, мөхөс-мөхөст, сэвс-сэвст-сэвстэх, тос-тост-тостох, утас-утаст-утастах, хилс-хилст-хилстэх, хомс-хомст-хомстох, хөөс-хөөст, цус-цуст-цустах гэх мэт. Бас үйл үгийн бусдын эрхэнд үйлдэгдэх хэвийн <–д, -т> дагаврыг залгахдаа мөн энэ дүрмийг баримтална. Жишээлбэл: сонс-сонст-сонстох гэх мэт.

Гажилт:
<С > үсгээр төгссөн нэг үг хоёр өөр утга илтгэдэг бол мөн үгэнд <–д, -т> дагаврын алиныг ч залгаж болно. Жишээлбэл: үсдэх, (үснээс шүүрч чангаах), үстэх (үс тогтох буюу үс мэт зүйл бүрхэх), тоосдох (тоос болгох), тоостох (тоостой болох) гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | 1 Comment »

Нэр үг үүсгэх –лага, -лого ба -лга, -лго дагаврын тухай

Posted by Victory on 2006/11/06



Дүрэм №42.
Гийгүүлэгчээр төгссөн үгийн хойно –<<лага, -лого>> дагаврыг бичнэ. Жишээлбэл: бод-бодлого, зар-зарлага гэх мэт.

Эгшиг ба зөөлний тэмдгээр төгссөн үгийн хойно <<–лга, лго>> дагавар бичнэ. Жишээлбэл: буу-буулга, зорь-зорилго гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Хамааруулах –х дагаврын тухай

Posted by Victory on 2006/11/05


Дүрэм №43.
Хамааруулах  <–х > дагаврыг эр, эм ямар ч үгэнд зөөлний тэмдэг буюу >   үсэггүй бичнэ. Жишээлбэл: дараах, хойнох, доторх, гаднах, эндэх, манайх, манайхан, танайх, дундах гэх мэт.

Хааяа энэ дагавар өгөх оршихын тийн ялгалын нөхцөл зэрэгтэй нийлж тусгай үг мэт болсон байх учир бичгийн хэлний уламжлалыг дагаж дахь, дахин гэж тусгай бичнэ.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Зарим тийн ялгалын нөхцөлийг бичих тухай

Posted by Victory on 2006/11/04


Дүрэм №44

Зарим тийн ялгалын нөхцөлийг бичих тухай өгүүлбэл:
1. Үгийг тийн ялгалаар хувилгахдаа тогтворгүй   <н> үсгийг уг үгийн төгсгөлийн гийгүүлэгч гэж үзэхгүй, харин үгийн үндэс ба залгаврын жийрэг гэж үзнэ. Жишээлбэл: тэрэг-тэрэгний, төлөг-төлөгний, үндэс-үндэсний гэх мэт.

2. <Тогтворгүй н> -тэй үгийг тийн ялгалаар хувилгахдаа  <н > үсгийг гаргаж бичнэ. Энэхүү тогтворгүй < н>  үсэг ихэвчлэн харъяалах, өгөх орших, гарах гурван тийн ялгалд нэгэн адил гарна. Жишээлбэл: модны, модонд, модноос, морины, моринд, мориноос, унины, унинд, унинаас гэх мэт. Гэтэл номны сан гэдэггүй учир номонд гэж бичихгүй номд; асуултны амжилтны гэдэггүй учир асуултад, амжилтад гэж бичнэ.

3. Харьяалахын тийн ялгалын <<–ы, -ий>> нөхцөлийг тогтвортой ба тогтворгүй   <н> үсгээр төгссөн үгэнд эгшиг зохицох ёсоор залгана. Жишээлбэл: модны, түмний, усны гэх мэт.
Харьяалахын тийн ялгалын –<н>  нөхцөлийг хос эгшиг ба урт <<ий >>эгшгээр төгссөн үгэнд залгана. Жишээлбэл: толгойн, дэлхийн гэх мэт.

4. Өгөх оршихын тийн ялгалын нөхцөл –д, -т:

– Т нөхцөлийг г ба өмнөө эгшигтэй с гийгүүлэгчээр төгссөн тогтворгүй н-гүй үгэнд залгана. Жишээлбэл: худагт, Нацагт, нутагт, хэлтэст гэх мэт. Бас р, в гийгүүлэгчээр төгссөн зарим үгэнд уламжлал баримтлан бичнэ. Жишээлбэл: гарт, Дэндэвт гэх мэт.
– Д нөхцөлийг дээрхээс бусад үсгээр төгссөн үгэнд бичнэ. Жишээлбэл: ахад, шилд, сард, хүн бүрд гэх мэт.

5. Заахын тийн ялгалын –г нөхцөлийг урт, хос эгшиг, хэлний угийн н үсгээр төгссөн үгэнд залгана. Жишээлбэл: дүнг, шороог, тахиаг, гахайг, Галсанг гэх мэт.
Биеийн хамаатуулах минь, чинь, нь-ийн өмнөх заахын тийн ялгалын –ыг, -ийг; харьяалахын тийн ялгалын –ын, -ийн нөхцөлийн г, н үсэг сонстохгүй боловч энэхүү н, г үсгийг гээхгүй бичнэ. Жишээлбэл: ахыг нь, гарыг минь, үзгийг чинь, гарын нь гэх мэт. (ахы нь, гары минь, үзгий чинь, гары нь гэж бичвэл буруу болно).

6. Зарим нэр үг хоёр өөр утгыг илтгэх болоод тийн ялгалаар хувилахдаа ч ялгавартай болжээ. Жишээлбэл: Шөнө од (нэрлэхийн тийн ялгал) гялалзана. Алтан гадас одон Лувсангийн энгэр дээр гялалзана. Ард Насангийн соёолон насны морь наадамд түрүүлэв. Өвлийн эхэн сарын (харьяалах) арван тавны шөнө сарны гэрэл тооноор орно. Сард авах, цалин, саранд нисэж очих гэх мэт. Зарим үг тийн ялгалаар хоёр өөр хувирч хоёр өөр утгыг илтгэх явдал байна. Жишээлбэл: адуугаар баян нэгдэл, танай адуунаар миний морь явчлаа гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Үгийн үеийн тухай

Posted by Victory on 2006/11/03


Дүрэм №45.
Амьсгалын нэг түрэлтээр хэлэгдэх нэг буюу хэдэн авиаг үе гэнэ. Үг, нэг түрэлтээр хэлэгдэх эгшгийн тоогоор үе болно. Урт ба хос эгшиг нэжгээд үе болно. Жишээлбэл: ман-дуул-сан, хой-но, хойш-ло-ход, тэм-дэг-лэг-дэх-дээ, сурт-лаа-раа, хонь, морь, о-ё гэх мэт.

Үгийг үелэхдээ:

1. Үелэх заагт нэг гийгүүлэгч байвал тэр гийгүүлэгчийн өмнүүр, хоёр гийгүүлэгч байвал хоёрдугаар гийгүүлэгчийн өмнүүр, гурван гийгүүлэгч байвал гуравдугаар гийгүүлэгчийн өмнүүр, дөрвөн гийгүүлэгч байвал дөрөвдүгээр гийгүүлэгчийн өмнүүр үелнэ. Жишээлбэл: го-лын, ол-дох, үлд-сэн, тө-рөлхт-ний гэх мэт.

2. Хатуугийн тэмдэг, зөөлний тэмдгийг өмнөх гийгүүлэгчийг дагуулан үелнэ. Жишээлбэл: үзь-е, ха-рууллъ-я гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Мөр шилжүүлэх тухай

Posted by Victory on 2006/11/02


Дүрэм №46.
Нэг мөрөөс нөгөө мөрт үгийг шилжүүлэхдээ үеэр тасалж шилжүүлнэ. Нэг үеийг хоёр мөрт хувааж бичиж болохгүй. Хэдийгээр биеэ даасан үе боловч нэг үсгийг мөрийн эцэст үлдээх буюу шинэ мөрт шилжүүлж болохгүй. Жишээлбэл: олох, явуулъя гэхэд тасалж шилжүүлж болохгүй.

Тасалж шилжүүлсэн зураасыг зөвхөн мөрийн эцэст тавина.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »

Том үсгээр бичих тухай

Posted by Victory on 2006/11/01


Дүрэм №47

Том үсгээр бичих:
1. Өгүүлбэрийн эхний үсгийг заавал томоор бичнэ. Жишээлбэл: Манай эх орон уудам, ард түмэн нь эрх жаргалантай билээ. Бид дэлхийн тавцанд гарна гэх мэт.

2. Хүний нэр, амьтан, хот суурин, уул ус зэрэг ертөнц дээр ижилгүй юмны оноосон нэрийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Дамдины Сүхбаатар, Улаанбаатар хот, Энхтайвны гудамж, Богд уул, Орхон гол, Шувуун саарал (морь), Банхар (нохой) гэх мэт.

3. Дэлхий дахины албан ба олон нийтийн байгууллагын нэрийг хэдэн үгээр бүтсэн бол цөмийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Банк, Эдийн Засгийн Харилцан Туслах Зөвлөл гэх мэт.

4. Улс гүрэн ба улсын төвийн хороо, зөвлөл, яам, холбоо зэрэг байгууллагын нэр хэдэн үгээр бүтсэн бол цөмийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Монгол Ардын Хувьсгалт Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо, Дэд Бүтцийн Яам гэх мэт.

Үүнээс бусад улсын төвийн захиргаанд харьяалагдах албан үйлдвэр, аймаг, сум дүүрэг, соёл шинжлэх ухаан зэрэг газрын нэрийг хэдэн үгээр бүтсэн бол зөвхөн эхний үгийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн, Сэлэнгэ аймгийн Намын хороо, Ерөөгийн Сангийн аж ахуй, Ноосны үйлдвэрийн нэгдэл, Хүүхдийн хувцасны үйлдвэр гэх мэт.

Тайлбарлах нь:

a) 47-р зүйлийн 3, 4-д заасан оноосон нэрийг дэлгэрэнгүй товч ямраар ч бичсэн том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Оросын Холбооны Улс, Их Сургууль, Улсын Их Сургууль гэх мэт.

b) Монгол, Орос зэргийн улс орны нэрийг зөвхөн хүний ерийн нэр болгож хэрэглэх буюу орон улсаас өөр эд юм ба ерийн нэр үгийн өмнө тодотгол болгож хэрэглэсэн бол бага үсгээр бичнэ. Жишээлбэл: Жижигхэн монгол эмээл моринд халтай. Бид орос хэл суралцахыг больжээ гэх мэт. Бас “монгол хэл” гэхэд бага үсгээр бичээд “Монголын хэл” гэхэд том үсгээр бичнэ. Учир нь монгол хэл гэхэд “Монгол” бол зөвхөн тодотгол бөгөөд “ямар” гэсэн асуутад хариу болно. Монголын хэл гэдгийн “Монгол” бол орон улс нийтийг нэрлэж байгаа юм. Гэвч тэр монголын үс нь хар гэхэд монголыг жижиг үсгээр бичнэ. Учир нь энд Монгол улсыг хэлээгүй, зөвхөн нэг монгол хүнийг хэлж байна.

c) Том үсгээр бичигдвэл зохих хэдэн үгээр бүтсэн нэг юмын нэрийг товчилж аль нэг үгийг авч бичвэл түүнийг тос үсгээр эхэлж бичихгүй. Жишээлбэл: Манай байгууллагын Монголын Үндэсний Ардчилсан Намын гишүүд цуглав. Манайд намын хэдэн гишүүн цуглав. Монгол Ард Улсын төлөө зүтгэх, улсын төлөө зүтгэх гэх мэт.

5. Ном зохиол, сонин, сэтгүүл, нэгдэл зэргийн нэрийг хашилтад том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Баабарын “Монголын түүх” ном сайн зарагдаж байна. “
Компьютер Таймс” сонин, “Хөдөлмөр” нэгдэл гэх мэт.

6. Эрхэмлэн хүндэтгэсэн утгаар хэрэглэсэн зарим үгийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Жаран насны ойг тань тохиолдуулан Танд эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе; Даян дэлхийд Энхтайван мандтугай! гэх мэт.

7. Онцгой дурсгалт үйл явдлын нэрийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Октябрийн хувьсгал, Майн баяр гэх мэт.

8. Хамт бичиж заншсан хоёр үгнээс бүтсэн оноосон нэрийн хоёрдугаар үг нь эгшгээр эхэлсэн байвал хооронд нь холбоос тавьж хоёр дахь үгийг томоор эхэлж бичнэ. Жишээлбэл: Баян-Өлгий, Буян-Өлзий, Баруун-Урт хот гэх мэт.

Posted in Монгол хэлний дүрэм | Leave a Comment »